© Ардчилсан нам. 2011-2024

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр: Говь нутаг устай болохыг үгүйлж уйлж байна. Тиймээс манай нам "Говийн бүсийн ус" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ


Лу.Гантөмөр: Говь нутаг устай болохыг үгүйлж уйлж байна. Тиймээс манай нам  “Говийн бүсийн ус” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн иргэд, сонгогчидтой хийх уулзалт Говьсүмбэр аймагт үргэлжилж байна.

Тэрбээр уулзалтын эхэнд ардчилллыг дэмжиж, уулзалтад хүрэлцэн ирсэн Говьсүмбэрчүүддээ талархал илэрхийлэв. Ардчилсан нам хоосон амлалт өгөх биш хийх ажлын төлөвлөгөөгөө иргэдэд танилцуулж байгаа онцолж, эрчим хөгжлийн төлөвлөгөө бүхий мөрийн хөтөлбөр бол бидний, миний багийн хийх ёстой ажил гэдгийг хэллээ.

Түүнчлэн тэрбээр сүүлийн найман жилийн хугацаанд авлига гаарч, арын хаалга газар авч, ажилгүйдэл нэмэгдэж, боловсрол доройтож, эрүүл мэндийн салбар уналтад ороод байгааг онцлон хэлэв.

Говь нутаг уйлж байна. Устай болохыг үгүйлж байна. Тиймээс говийн бүсийн тойрогт нэн түрүүнд хийх ёстой ажил бол устай болгох юм. Ингэхийн тулд “Говийн бүсийн ус” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр мэдлэг, туршлагатай долоон хүнээ УИХ-ын сонгуулийн 7-р тойрог буюу Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймагт нэр дэвшүүлж байгаа. Тиймээс Ардчилсан намаас нэр дэвшигчдийг багаар нь дэмжихийг уриаллаа.

Тэрбээр нэр дэвшигчдийн талаар:

Г.Ганбаатар бол цэргийн хүн. Энэ цагт говио аврахын тулд Монголын говийг дэлхийн энергийн төв болгоно. Үүний төлөө Г.Ганбаатар маань зүтгэнэ.

Р.Сэддорж бол “тооны” хүн. Би өөрөө Монгол Улсын математикийн олимпиадын мөнгөн медальтай, тоо гадарладаг хүний хувьд нэг зүйлийг тэмдэглэмээр байна. Тоо үнэн байдаг. Р.Сэддоржийн амнаас гарч буй үг бүр үнэн байх болно гэдгийг баталж хэлье.

Р.Эрдэнэбүрэн бол даруу хүн. Говийн хүү голдоо нартай гэдгийг харуулж 30 настайдаа УИХ-ын гишүүнээр надтай цуг сонгогдож байсан. Нутгийнхаа төлөө ажиллаж, зүтгэж буй, миний дэд дарга нэр дэвшиж байгаа шүү. Түүнд нэг сайн чанар бий. Эхэлснээ заавал дуусгадаг.

Л.Мөнхбаясгалан бол сэтгүүлч хүн. Түүний хувьд говь нутгийг аврахын төлөө зүтгэнэ. Бид говио хөгжүүлэхээсээ өмнө говио аврах хэрэгтэй болчихсон. Говьчууд минь сэрээрэй, Монгол даяараа ардчилал сэрж байгаа. Говио бүгдээрээ аваръя.

Ц.Мөнхбат инженер, программист хүн. Инженерүүд Монголыг хөгжүүлнэ. Бид Монголынхоо ард түмэнд ганц зүйл хэлж байгаа. Бид Монголд үйлдвэрлэл бий болгоно. Тиймээс Ц.Мөнхбат шиг олон инженер сонгогдох ёстой шүү.

Л.Одсэр бол математикийн багш, “тооны”, бас цэргийн хүн. Хэлсэндээ хүрдэг. Яагаад говийн хүнээс “Чинээлэг малчин” гэсэн үг гарсан юм бэ. Мал нь уух усгүй болсон учраас ийм үг гарсан хэрэг. Засаг даргаар ажиллаж байхдаа ард түмэн ядуу байгааг хараад зүрх нь шимширч, яавал тэднийг орлоготой болгох вэ, яавал мал нь уудаг устай болох вэ, яавал мал нь өгөөжтэй болох вэ, яавал малчдын амьдрал сайжирч, үр хүүхэд нь аз жаргалтай болох вэ гэж бодож “Чинээлэг малчин” хөтөлбөрийг гаргасан.

Н.Энхбат бол эдийн засагч, олон банкийг удирдаж байсан хүн. Монголын санхүүгийн салбарыг босгож ирэх хүн шүү. Найман жил төрийг удирдахдаа эрх баригчид юу ч хийсэнгүй. Эдийн засаг сөхөрсөн. Тиймээс иргэдээ ажилтай, орлогтой болгохын тулд Монголын эдийн засгийг босгож ирэх ийм л чадвартай хүмүүсийг дэмжих хэрэгтэй гэдгийг хэллээ.

Ардчилсан нам хүчирхэг монгол хүнийг бүтээж, хүчирхэг төрийг бий болгохын тулд энэ удаагийн сонгуульд хийх ажлын төлөвлөгөө гаргаж, түүнийг хэрэгжүүлж, хийж, бүтээж чадах багаа бүрдүүлэн оролцож байгаа гэдгээ уулзалтын үеэр тус намын дарга Лу.Гантөмөр онцолсон юм.

Уулзалтад хүрэлцэн ирсэн Говьсүмбэр аймгийн иргэд сонгогчид өөрчлөлт хийх цаг нь ирсэн хэмээн Ардчилсан намыг дэмжиж буйгаа илэрхийлэв.