Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр алслагдсан дүүрэг болох Багануур дүүргийн иргэд сонгогчидтой уулзлаа.
Багануур бол залуучуудын хот юм. Нийт 30 орчим мянган хүн амтай. Үүний 70 гаруй хувь нь залуучууд буй.
Уулзалтын үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “Ардчиллыг дэмжиж, хүрэлцэн ирсэн Багануурчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Багануур дүүргийн хүн амын ихэнх нь залуус байна. Манай улс бол залуусын орон. Харамсалтай өнөөдөр залуус эх орноосоо дайжиж, харийн нутгийг зорьсоор байна. Өглөө гэрээсээ гарч, үдшийн бүрийгээр гэртээ орж ирэн, амьдралынхаа төлөө хөдөлмөрлөж байж олсон мөнгө нь амьдралд нь хүрэлцдэггүй, өвдөх ч эрхгүй амьдарч байна. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт тэнгэрт тулж, авсан цалин нь хаанаа ч хүрэхгүй байгаа учраас тэд харийн орныг зорьж, хар ажил хийж байна. Монгол ардын нам сүүлийн найман жил эрх барихдаа иргэдийг ийм л хэцүү замаар, хүнд амьдралыг туулах хэмжээнд хүргэлээ. Одоо солих цаг нь болсон. Бид ажилтай, орлоготой, сэтгэл тэнүүн амьдрах ёстой. Тиймээс Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд хүчирхэг хүнийг бүтээж, хүчирхэг төртэй болохыг зорьж байгаа. Боловсрол, эрүүл мэндийн салбарыг босгож, үйлдвэрлэлийг бий болгож, иргэдээ ажилтай, орлоготой, орлого нь амьдралдаа хангалттай хүрдэг, өрийн дарамтгүй, төрийн дарамтгүй болгоно. Багануур дүүргийг дагуул хот болгож, үйлдвэрлэлийн бүс болгон хөгжүүлэх боломжтой. Ингэснээр дүүрэг төрөлжсөн эдийн засагтай болно. Түүнчлэн ажлын байр нэмэгдэж, үүнийг дагаад орлого өсөж, иргэдийн амьдрал сайжрах юм. Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахад ихээхэн нөлөөлж, бодит хувь нэмэр болох газар бол Багануур дүүрэг юм. Тиймээс ч дүүргийг хөгжүүлж, иргэдийн амьдралыг сайжруулах, зөв төрийг бий болгож, авлига, арын хаалга үйлчилдэг байдлыг зогсоохын төлөө ажиллах болно. Ардчилсан нам бол хийж чаддаг, бүтээж чаддаг, өгч чаддаг нам шүү. Багануурчууд та бүхэн минь Ардчилсан намаас нэр дэвшиж буй хүмүүсийг минь багаар нь дэмжээрэй” хэмээн ярилаа.
УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Багахангай, Налайх, Багануур дүүрэгт Ардчилсан намаас Дашзэвэгийн Алтанхуяг, Ганаагийн Цамбагарав нар Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа юм.
Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт Багахангай, Налайх, Багануур дүүрэгт үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломжийг бүрдүүлж, ажлын байрыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, уурхай дагасан хөгжлөөс чөлөөт эдийн засагтай, үйлдвэрлэл хөгжсөн хот болох эрх зүйн орчныг бүрдүүлэх, дулааны цахилгаан станц барих зэрэг томоохон ажил, бүтээн байгуулалтуудыг хийхээр тусгасан байна.
Уулзалтад хүрэлцэн ирсэн Багануурчууд хүчирхэг өрийн дарамтгүй, төрийн дарамтгүй Монголыг бий болгохын төлөө ардчиллыг сонгож, Ардчилсан намаас нэр дэвшигчдийг дэмжихээ илэрхийллээ.