2024 оны Орон нутгийн сонгуульд "Увсын хөгжлийг эргэн сэргээнэ" уриатай оролцож байгаа Увс аймгийн Ардчилсан нам 2012-2016 оны Увс аймгийн хөгжил цэцэглэлт, амжилт бүтээлийн жилүүдийг эргэн авч ирэхээ амлаж байна. Увс аймгийн Ардчилсан намаас энэ удаагийн орон нутгийн сонгуульд авлига албан тушаалын хэрэгт холбогдоогүй нэр цэвэр, ард түмний сайн сайхны төлөө зүтгэх хүсэл дүүрэн 434 нэр дэвшигчээ аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд илгээлээ.
Нээлтийн үеэр энэ удаагийн орон нутгийн сонгуульд багаа ахлан, намаа удирдан оролцож буй Ардчилсан намын дарга Дашийн Цэндсүрэн "Хэрэв миний багийн гишүүн авлига албан тушаалын хэрэгт орооцолдож, ард түмний эрх ашиг, боломжоос хумслах юм бол өөрийн биеэр хуулийн байгууллагад тушаана" хэмээн баталж 2012 оны түүний ахалсан багаас нэг ч хүн энэ төрлийн асуудалд орооцолдоогүйг цохон тэмдэглэлээ.
Гудамж төсөл, 1000 айлын орон сууц хөтөлбөр, Улаанбаатар хоттой хатуу хучилттай холбогдсон зам, Орон даяар цуурайтсан 90 жилийн ойн арга хэмжээ гэх мэт хийж бүтээсэн, хөгжиж дэвжсэн олон зүйлтэй Дашийн Цэндсүрэнгийн удирдсан баг төр түмэндээ тангараг өргөж сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ.