Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн боловсруулсан Ардчилсан намын Үндсэн дүрэм болон хөтөлбөрийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ хүрээнд Налайх, Багахангай дүүргийн гишүүд дэмжигчдийн дунд намын Үндсэн дүрэм, хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг яг одоо болж байна.
Хэлэлцүүлгийг нээж Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал “Орон даяар хэлэлцүүлэгдэж буй Үндсэн дүрэм болон хөтөлбөрийн энэхүү өөрчлөлт Ардчилсан намд бодит шинэчлэлийг авч ирнэ. Шинэчлэл гэдэг бол хэн нэгэн хүнийг солих биш. Намын нийт гишүүд дэмжигчдийн оролцоо, идэвхийг үүгээр илүү нэмэгдүүлж, тоглоомынхоо дүрмийг өөрчилж, хариуцлагажуулж байгаа юм” хэмээв. Түүнчлэн тэрбээр “Үндсэн дүрмээр Бодлогын зөвлөлийг байгуулж байгаа. Ингэснээр Нам, УИХ-ын гишүүд, УИХ дахь бүлгийг хооронд нь холбосон бодлогын ерөнхий зураглалыг бий болгоно. Үндсэн дүрмийн өөр нэг давуу тал нь аливаа үйл хэрэгт намын гишүүд дэмжигчдийн оролцоог ихээр нээж өгч байгаа. Намын хөтөлбөрийг боловсруулахдаа баруун төвийн үзэл баримтлалтай дэлхийн бусад улс орноос туршлага судалж байж боловсруулсан нэлээн чамбай төсөл болсон" гэв. Хэлэлцүүлэгт Налайх, Багахангай дүүргийн 170 гаруй гишүүд дэмжигчид оролцож өөрсдийн санал бодлыг илэрхийлж байна.
Хэлэлцүүлгээр 21 аймаг, есөн дүүргийн нийт гишүүд дэмжигчид, иргэдийн санал бодлыг төсөлд тусгаж, намын үзэл баримтлал, зорилго, бодлогын шинэчлэлийг хамтдаа тодорхойлох юм.