© Ардчилсан нам. 2011-2025
7 өдөр /

Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй “Төлөөлөгч хөтөлбөр” хойд бүсээс нээлээ


     Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулж буй “Төлөөлөгч хөтөлбөр” хойд бүсээс өнөөдөр /2025.10.04/ эхэллээ. Хөтөлбөрийн нээлтэд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Жаргалан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, П.Батчимэг, Ө.Шижир, С.Эрдэнэболд тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.
 
     Хөтөлбөрийг нээж Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл Ардчилсан намыг илүү нээлттэй, илүү цэгцтэй болгохоор зорин ажиллаж байгаагаа дурдаад Ардчилсан намын зүгээс эмэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, улс төрийн оролцоог дэмжихийн зэрэгцээ гэр бүл, ажил амьдралын тэнцвэрт байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлж, жендерийн тэгш байдлыг бодитоор хэрэгжүүлэхээр намын хөтөлбөрт туссан. Эмэгтэйчүүдийн манлайллыг төрийн болон нийгмийн бүхий л салбарт дэмжих нь хөгжлийн чухал тулгуур болно хэмээн ярилаа.
 
   Уг хөтөлбөрийг Конрад Аденауэрын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд оролцогч сумдын төлөөлөгч эмэгтэйчүүд хоёр өдрийн турш өөрсдийн төлөөлөгчийн болон манлайлагчийн хувьд мэдлэг, ур чадвараа ахиулах, харилцан туршлагаа судлах юм. Ташрамд дурдахад, 2024 оны орон нутгийн сонгуульд аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн 67 эмэгтэй ялалт байгуулан, төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Мөн сумдын түвшинд улс даяар Ардчилсан намаас нийт 942 эмэгтэй төлөөлөгч сонгогдсон нь нийт сумдын хурлын эмэгтэй төлөөлөгчдийн 45 хувийг эзэлж байна.
 
     Намын дарга О.Цогтгэрэл Эрдэнэт хотод ажиллах үеэрээ ХХ зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, түүхч эрдэмтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Агданбуугийн Амарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.