© Ардчилсан нам. 2011-2025
2025/09/27 /

О.Цогтгэрэл: Ардчилсан нам нээлттэй, цэгцтэй нам болох ёстой


Булган аймгийн Ардчилсан намаас зохион байгуулж буй “Хүчирхэг ардчилал-Хүчирхэг Булган” чуулга уулзалт өнөөдөр /2025.09.27/ Булган аймгийн Рашаант сумын “Тахилт нуур” амралтын газарт болж байна. Чуулга уулзалтад Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Э.Одбаяр, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Ардчилсан намын Намын байгуулалтын газрын дарга Д.Бат-Од тэргүүтэй тус аймгийн 300 гаруй гишүүд дэмжигчид чуулж байна.
 
Чуулга уулзалтын эхэнд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. Тэрбээр “Та бидний өнөөдөр чуулж буй энэхүү газар бол их энергитэй, эрчим ихтэй газар. Олон зуун, олон мянганы түүхэнд Монгол нутгийн төв цэг энд байсаар ирсэн. 2200 жилийн өмнөөс Хүннү гүрнээс нааш Монголын таван төрт улс (Хүннү гүрэн, Жужан гүрэн, Уйгур, Түрэг, Их Монгол Улс) буурал Орхоны хөндийд үүсэн, оршин тогтносон, мандан бадарсан байдаг. Ийн өндөр энергитэй, эрчимтэй энэхүү газар хувь заяаны тохиолоор ажил амьдралаа холбож, ардчиллаа манлайлж, манаж буй эрхэм журмын нөхдөдөө энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
 
Өнгөрсөн 35 жилийн түүхийг үнэлж, дүгнэвэл та бид нийгмийн өөрчлөлт шинэчлэлтэд уриалан дуудсан, хувьсгалт өөрчлөлтийг оройлон манлайлсан, хувийн өмч, хүний эрх, эрх чөлөөг бий болгосон гэхчилэнгээр олон сайхан үйл хэргийг бид нэрлэж чадна аа. Та бид олон сайхан үйл хэргийн гэрч нар. Нөгөө талаас Монголын ардчилал, Ардчилсан нам 35 жилийн түүхэн дэх эргэлтийн цэг дээрээ ирээд байна. Бид цааш цаашид батжин бэхжих үү, ялж бодлогоо хэрэгжүүлж чаддаггүй нам болох уу гэхчилэнгээр олон асуултад хариулах ёстой. Үүний хажуугаар түүхэн үүргээ хэрхэн яаж гүйцэтгэх вэ гэдэг маш чухал. Тиймээс та бидний хамтын ажиллагаа, хамтын үйл хэргээс олон зүйл хамаарна.
Ардчилсан нам нээлттэй, цэгцтэй нам болох ёстой. Хэдийгээр Ардчилсан намыг сайн муу нь ил тод харагддаг харьцангуй нээлттэй улс төрийн хүчин гэдэг. Гэхдээ бид цэгцгүй улс төрийн хүчин. Нөгөө талд улс төрийн олон сонгуульд ялсан МАН хаалттай хэрнээ цэгцтэй улс төрийн хүчин. Хаалттай систем хаанаас хаа хүрдгийг та бүхэн өнөөдөр харж байгаа байх. Байж байгаад л энэ улс төрийн хүчин дэлбэрдэг. Өнөөдөр МАН-ын дотоод сонгууль болж байна. Сүүлийн 12 жил завсаргүй засаглаж буй улс төрийн хүчин шүү дээ. Хаалттайгаар үйл ажиллагаагаа явуулахаар авлига, хээл хахууль гэдэг үг ч багадам хуульт ёсгүй, дээрэм тонуул руу орж буй үйл явцыг та бүхэн харж байна. Юун ардчилал. Юун эрх чөлөө. Тиймээс бид нээлттэй, цэгцтэй нам болж чадвал Монголын түүхэнд шинэ үүргээ биелүүлж чадсан улс төрийн хүчин болно. Ганцхан жишээ хэлэхэд, Ардчилсан намын дотоод сонгууль нээлттэй, өрсөлдөөнтэй, цэгцтэй болсон. Манай намын дотоод сонгуулийг нийгэм ямар эергээр хүлээж авч байгааг та бүхэн харсан байх. Тиймээс бүгдээрээ хамтдаа Ардчилсан намаа илүү цэгцтэй, илүү нээлттэй улс төрийн хүчин болгохын төлөө хамтдаа зүтгэцгээе” хэмээн уриаллаа.
Үүний дараа тус арга хэмжээнд оролцож буй УИХ-ын гишүүд тус бүр үг хэллээ. Түүнчлэн Монгол Улсад ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд идэвх зүтгэл гаргаж, ардчиллын үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулж, орон нутгийн сонгуульд гурав дараалан үнэмлэхүй ялалтаар манлайлсан Булган аймгийн Бугат сумын Ардчилсан намын хамт олныг шагналаа.