Өлсгөлөн зарлан тэмцээд 6 дахь өдрөө болж буй УИХ-ын гишүүдийг оройд нь хоол идэж, өөр хүнийг талбай дээр хэвтүүлж байна гэх худал, гүтгэлэг сошиал орчинд гарсан. Уг гүтгэлэгт өлсгөлөн зарласан гишүүдийн биеийг өдөрт 3 удаа үзэн, хянаж буй Сүхбаатар дүүргийн ЭМТ-ийн эмч Ж.Долгормаа тайлбар өглөө.
Сүхбаатар дүүргийн ӨМТ-ийн эмч Ж.Долгормаа:
-Манайх Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв. Сүхбаатар дүүрэгт өлсгөлөн зарлаж буй хүмүүсийг хариуцаж ажилладаг. Эрүүл мэндийн сайдын 233-р тушаалын дагуу энэ хүмүүсийг үзэж байна. 5-р сарын 6-аас эхлээд өлссөн, байнга хяналтад явж байна.
-Хоол идээд байна гэдэг мэдээлэл гараад байна. Та эмчийн хувьд тайлбар өгөөч?
-Энэ хүмүүс хоол идэх ямар ч боломж байхгүй. Эрт сэрэмжлүүлэг, эмнэлзүйн шинж гэж гарах ёстой. Эмнэлзүйн шинж тэмдэг нь одоо гарч эхэлж байна. Ер нь олон хоног өлсөж байгаад гэнэт хоол идвэл хоол боловсруулах эрхтэндээ бүр хор л болно. Тиймээс өлсгөлөнгөө зогсоолоо гэхэд эмнэлэгт хэвтүүлнэ. Бүр 00 шөлнөөс эхлээд цаашаа аажмаар хоолонд орно.