© Ардчилсан нам. 2011-2024
2023/10/16 / Фото мэдээ

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийлээ


Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Одонтунгалаг, Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаяр, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх Н.Гансүх нар хотын даргын томилгоо, төрийн нууц, хүний эрхийн талаар мэдээлэл хийлээ.
 
АН-ын Хууль зүйн бодлого хариуцсан дэд дарга Ч.Өнөрбаяр:
Монгол Улсад иргэнээ боддог төр засаг, хотын удирдлага алга байна. Өнөөдрийн агаарын чанар, бохирдол маш өндөр түвшинд хүрсэн. Агаарын бохирдлыг бууруулах дэд хороо, агаарын чанарын алба ажиллахгүй байна. Заавал нэг асуудал гаргаж ирээд түүндээ сайд томилдог байдал руу орлоо. Маш олон асуудлууд дээр хариулт өгмөөр байна. Үндсэн хууль дээр иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрахыг иргэнийхээ өмнө төр хариуцдаг. Үүнийгээ биелүүлэхгүй байна.
 
Х.Нямбаатар сайд мэдэгдэл хийсэн. Одоо бид автобусны асуудлыг төрийн нууцаас гаргана гээд, Д.Сумъяабазар дарга байхдаа ногоон автобусыг төрийн нууцад хамааруулаад худалдаж авсныг Х.Нямбаатар мэдэхгүй байна гэж байхгүй. Яагаад гэхээр хуулиараа төрийн нууцад авах эсэх асуудал бол Засгийн газрын бүрэн эрхийн асуудал юм. Хотын дарга төрийн нууцад хамруулах эсэх асуудлыг санал оруулах эрх байдаггүй. Тагнуулын байгууллагын зөвлөмжөөр ямар нэг нээлттэй санал асуулга хийхгүйгээр худалдан авалт хийж болохгүй. Төрийн нууцын тамга тэмдгийг ашиглаад хулгайгаа хаацайлж ирсэн байна.
 
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Монгол Улсын хэмжээнд байгаа төрийн нууцын асуудалд хяналт тавьдаг байх ёстой. Хуулийг гуйвуулж үг, үсгийг буруу тайлбарлах маягаар хулгай хийдэг, татвар төлөгчдийн мөнгийг завшдаг байдлыг болих хэрэгтэй.
4 жилийн хугацаанд Хууль зүйн сайд хийх бүрэн эрхийн хугацаатай гэтэл замаас нь зугтаагаад алга болчихдог, ажил хийсэн тайлангаа тавих ёстой. Өнөөдөр Х.Нямбаатарыг хотын дарга хий гэж хэн ч гуйгаагүй.
 
Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж:
Ардчилсан намд сүүлийн 2 жил гаруй үргэлжилсэн маргаан эцэслэгдэж Л.Гантөмөр даргыг албан ёсоор Дээд шүүх бүртгэснээс хойш нам эв нэгдлийг сахиж бүх шатны удирдлагуудыг уулзуулсаар байна. Хоёр талд хоёр тамгатай байсан үйл явлууд цэгцэрсэн, өдөр тутмын үйл ажиллагаа идэвхтэй үргэлжилж байна. Мөн Ардчилсан намын 15 дэд дарга “Өрийн дарамтгүй монгол” үндэсний хэлэлцүүлгийг 21 аймаг, 9 дүүрэгт эхлүүлээд байна.
 
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:
Агаарын бохирдлын дэд хороогоо хуралдуул, хаана ямар асуудал болов, үнэн мөнийг нь тогтоогоод ард иргэддээ яаралтай мэдээлэл өгөх хэрэгтэй. Монгол хүний, хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулахуйц зүйл болсон бол нийслэлийн онцгой байдлын удирдлагууд хариуцлага тооцох ёстой.
АН-ын Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаяр: Үгээ хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг эрх баригч нам эрх мэдлээ урвуулан ашиглаж ялгаварлан гадуурхаж, хавчиж, цагдаж байна. Тиймд төрийн албан тушаалтныг томилох томилгоог МАН-ын удирдах зөвлөл шийдвэрлэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна.
Сонгуульжсан дарангуйллаа таслан зогсоохыг шаардаж байгаагаа илэрхийллээ. Хэрэв үгүй бол ОУ-ын байгууллагуудад хандах болно.
 
Улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Одонтунгалаг:
Монгол Улс иргэддээ, хүүхэддээ ээлгүй улс болсон. Өдөр бүр ноцтой мэдээллүүд гарах болсон. Нэг мэдээг, нөгөөгөөр дардаг байдал газар авлаа. Түгжирлийн сайд Сүхбаатарыг албан тушаалаа өгөөд, огцорч шалгуулахыг шаардаж байна.
 
Нийтийн тээврийн 320 тэрбум төгрөгний автобусны асуудлыг зогсоомооргүй байна. Төр 10 тэрбумаас дээш худалдан авалтыг шууд гэрээ хийх боломжтой. Нийслэлийн нийтийн тээврийн газар нийтийн тээврийн бодлогоо барьж чадахгүйд хүрээд байна
2009 онд 400 автобус худалдаж авсан. Үүнийгээ төрийн компаниуд аваад төлсөн бол хувийн компаниуд төлөөгүй байсаар л байна. Төсвийн мөнгийг хувийн компанийн ашиг олох техник хэрэгслийг бэлдэхэд зарцуулж байна.
 
УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх Н.Гансүх:
Автобусны асуудал, хүүхдийн эрхийн асуудлууд, агаарын чанарын асуудлууд, хүүхдийн эрхийн зөрчигдөл, томилгооны асуудлууд хаанаас үүсэлтэй вэ гэхээр намуудад бодлогын өрсөлдөөн алга байна, үзэл баримтлалын өрсөлдөөн алга байна. Үүн дээр Ардчилсан намын зүгээс АН-ын ахмад, дунд үе шат шатандаа бид эрх баригчдаас хариуцлага нэхэх болно.