“
#Бүтэн_Ардчилал” мөрийн хөтөлбөрийн санал асуулга, хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт үргэлжилж байна
Ардчилсан намын дарга
Лу.Гантөмөр: "Бид итгэл үнэмшилтэйгээр Монгол орныг зөвхөн уул уурхайн орон биш эрчим хүчний орон болгох ёстой. Эрчим хүчтэй байж бид Монгол Улсад тусгаар тогтнолыг авчирна"
Монголчууд бид туулай жилээ үдэж ардчиллынхан маань туулай жилдээ эв эеэ сахиж хөх луу жилээ амжилттайгаар угтаж байна.
Туулай жил бол их эвлэрлийн жил байсан бол луу жил их өөрчлөлтийн, их тэлэлтийн, эрс шинэчлэлийн жил байх болно. Луу жилд түүхийн эргэлтүүд гарсаар ирсэн. Хамгийн сүүлийн жишээ бол 2012 оны луу жилд Ардчилсан нам олонх болж ирсэн.
Энэ цаг мөч, энэ өдрүүдэд зудтай, хүнд хэцүү байгаа ч гэсэн хүнд хэцүү үе сайн цагийн төлөө хөдөлдөг үүрэгтэй нам бол Ардчилсан намынхан юм. Монголчууд ядарч байгаа үед босож ирж чаддаг. Тийм ч учраас бид луу жилдээ хэрхэн өөрчлөх тухайгаа бид ярилцаж байна.
“Бүтэн Ардчилал” мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг бүс дээр өрнөж байна. Энэ хэлэлцүүлгээр 2024 онд Ардчилсан нам Монголчуудад юу санал болгох вэ гэдгээ хэлэлцэх болно. Бид хэрхэн бүсчилсэн хөгжлийг бий болгох, хэрхэн тэр бүсийг засаж чадах тухайгаа зурж улс орон даяар зураглал хийж байна. Бидний гол зорилго бол хэрхэн иргэдийнхээ амьдралыг чанарыг босгож ирэх вэ гэдэг дээр онцгой анхаарч байна.
Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгууд газар нутгийн хувьд хамгийн их өгөөжтэй, хүн амьдарч болохуйц газар тул хэрхэн зөв хөгжлийн гарц, гаргалгааг бий болгох вэ гэдэг дээр та нар өнөөдөр зураглал хийх болно. Харамсалтай нь өнөөдөр улс орон даяар өр, зээлийн дарамт, ядуурал, ажилгүйдэл газар авлаа. Үнэхээр бид өнгөрсөн цаг хугацаандаа дүгнэлт өгөх хэрэгтэй. Бид түүхийн өмнө хариуцлага хүлээсэн улс төрийн хүчин.
Яагаад гэвэл Монголын улс төрд улс төрийн эрх чөлөө, тусгаар тогтнолыг авчирсан гэдгээрээ бид Монголын ард түмний өмнө хариуцлага хүлээдэг.
Ардчилал хаана байгаа юм, ардчилал юу болов үнэхээр энэ зам чинь зөв юм уу гэж байнга асууж байна.
Ардчилал монголчуудад улс төрийн эрх чөлөөг авчирсан нь ард түмэн өөрсдийн амьдралаа өөрөө шийдэх эрхийг авчирсан юм. Ардчилсан нам бол ардчиллыг хамгаалах, хадгалах хариуцлагатай нам. Энэ ялгааг харж бид хөтөлбөрөө гаргах болно. Өнөөдөр ардчилал булаагдсан байна, ардчилал хуурамч байна, ардчилал дүр эсгэж байна. Бидний зорьсон хөгжил, дэвшил Монголчуудад хүрч чадахгүй байна.
Улс төрийн эрх чөлөө нь байгаа ч гэсэн эдийн засаг яах юм бэ, амьдрал яах юм бэ, ажилгүйдэл яах юм бэ. Эдийн засгийн эрх чөлөө байхгүй болохоор иргэдийн ардчилалд итгэх итгэл нь алдарч байна. Бид шүүмжлэхээс илүүтэй уруудсан улс орноо яаж босгож ирэх талаар бодох цаг ирлээ. Бидний ард түмнийхээ амьдралыг босгож ирэх хамгийн гол зүйл бол ард түмнээ өрөөс гаргах юм.
Мөнгөний бодлого дээр бүтэн алдаа гаргахаар зах зээл хумигдаж байна. Өрнөөс улсаа гаргая, өрнөөс ард түмнээ салгая гэдэг зүйл Ардчилсан намын хамгийн том зорилт болж байна.
Эдийн засгаа босгож ирье. Монгол Улсад боломж бий юу, монголын ард түмэнд бололцоо бий юу, ардчиллыг муухай харагдуулж байгаа зүйл бол авлига юм. Авлига гэдэг зүйл бол тэмцээд байхад өрсөөд байдаг зүйл шиг харагдуулж байна. Гэсэн хэдий ч жинхэнэ утгаараа тэмцэл нь бодит өөрчлөлтийг аврахгүй байна.
Улс төрийн намд хандив өгч байгаа нь өөрөө зөв үү, буруу юу шийдэж чадвал бид огт авлигагүй болох болно.
Хэтэрхий мэдэгч царайлж маргасаар байгаад авлигыг тэр чигээр нь үлдээгээд байна. Монголчууд авлигыг яаж байхгүй болгох вэ, нүүрс нь өөрөө улс төр, утаа нь өөрөө улс төр болчихсон. Утаанаас салах шийдэл нь бэлэн, технологи нь бэлэн байхад тэрийг нь хэрэгжүүлдэггүй, хөдөлгөдөггүй. Гэтэл нөгөө талд нь Монголын ард түмэн утаанаас болж эрүүл мэндээрээ хохирч байна.
Монгол Улс өнөөдөр 1990 оны үеэ бодвол бядтай болчихсон. Жилд дарга нарын гараа угааж байгаа төсвийн мөнгө 7, 8 тэрбум ам доллароор тоологдох боллоо. Сэтгэл зүрхээ бид төвлөрүүлж чадах уу, яавал үнэхээр итгэл үнэмшилтэйгээр урагшаа алхаж чадах вэ?
Яагаад бид Бүтэн Ардчилал гэж яриад байна, яагаад ардчилал тал болчхоод байна гэхээр эрх чөлөө нь байгаад байгаа хэр нь амьдрал нь болохгүй байна. Ажлын байр олдохгүй байна, нөгөө түгжрэл, утаа хэвээрээ байна. Сэтгэл байхад л чаддаг зүйл.
Бид итгэл үнэмшилтэйгээр Монгол орныг зөвхөн уул уурхайн орон биш эрчим хүчний орон болгох ёстой. Эрчим хүч байж байж бид Монгол Улсад тусгаар тогтнолыг авчирна.
Мөрийн хөтөлбөр бодлого гаргахдаа урвахгүй гэдэг итгэл үнэмшилтэйгээр байх хэрэгтэй. Үнэхээр бид бүгдээрээ монголын ардчиллыг бүтэн болгоход бэд бэлэн үү?
Энэ сонгууль бол ард түмний хүсэж байгаа эдийн засгийн эрх чөлөө, тусгаар тогтнолыг авчрах уу гэдэг сорилтын өмнө ирээд байна.
Энэ сонгууль зохион байгуулалтын сонгууль болно. Эв нэгдэл бол энэ сонгуульд ялалт байгуулах хамгийн том стратеги юм. Эв нэгдэлгүй байх нь амархан юм байна. Бид 1990 оны ардчиллаар өөрөөрөө байх, нутаг орондоо эзэн байх, шашин шүтэх эрх чөлөө, ажил хийж болох, болохгүй нь ч хүний эрхийн асуудал болсон.
Бид амь нэгтэй, сахилга баттай байж чадвал энэ бүхний төлөө тэмцэж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.