Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлөөс “Эрүүл мэндийн салбарын санхүүжилт ба түүнийг тойрсон асуудлууд” сэдвийн хүрээнд бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Тус хэлэлцүүлгээр Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай бодлогыг хэрхэн тусгах талаар нээлттэй ярилцлага өрнөлөө.
Хэлэлцүүлэгт "УБ-Сонгдо" эмнэлгийн эмч, удирдлагын төлөөлөл, Залуу эмч нарын нийгэмлэг, Шүдний нийгэмлэг, Арьс гоо заслын нийгэмлэг, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн багш нарын төлөөлөл, ХӨСҮТ-ийн эмч нарын төлөөлөл, Хүүхдийн эмч нарын нийгэмлэг, Элэгний өвчин судлалын нийгэмлэг, Эрүүл мэндийн яамны дэд сайд, удирдлагаар ажиллаж байсан мэргэжилтнүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж тус салбарын алдаа дутагдал, бодлогын шийдлүүдийг нээлттэй хэлэлцэж Ардчилсан намын удирдлагуудад санал болголоо.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Ардчилсан намын дэд дарга Ц.Жадамбаа, Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд тэргүүн, Анагаах ухааны доктор дэд профессор Н.Одонгуа, Ардчилсан намын Нарийн бичгийн дарга Н.Гансүх, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Ж.Энхбат, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Л.Отгонцэцэг, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Н.Болдбаатар нар оролцож эрүүл мэндийн байгууллагын экспертүүдийн санал, санаачилгыг хүлээн авлаа.
Тус үеэр Анагаах ухааны доктор, дэд профессор, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд тэргүүн Н.Одонгуа Эрүүл мэндийн салбарын бодлого, цаашдын хөгжил”-ийн талаар илтгэл хэлэлцүүллээ.
Н.Одонгуа: Тухайн улс иргэнээ эрүүл байлгах уу гэдэг нь нарийн төлөвлөгөө бүхий бодлого байх ёстой. Тухайн иргэн хүний төлбөрийн чадамжаас үл хамаарч эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй, санхүүгийн эрсдэлд оруулахгүй байх нь эрүүл мэндийн салбарт хөндөгдөж буй суурь асуудал юм.
Монгол Улсын нийт хүн ам дунд эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд бүх нийтийн хамрагдалт дээр судалгаа хийхэд нийт иргэдийн 63% нь хамрагдсан гэсэн үзүүлэлт гарсан байна. Манай эрүүл мэндийн салбар анхан шатны тусламж, үйлчилгээ, эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үйлчилгээ дээрээ санхүүжилтээ зөв хуваарилж чадахгүй байна.
Манай Улс сүрьеэ, тамхины хэрэглээ, сахрын хэрэглээгээр маш өндөр түвшинд байна. Анхан шатан дээр байгаа бүх үйлчилгээний үр ашигтай байдал алдагдалтай байна. 2007 оноос хойш эрүүл мэндийн салбарт зарцуулагдаж буй санхүүжилт эрс нэмэгдэж байгаа ч бодит байдал дээр үр ашигтай хэрэгжилт болж чадахгүй байна.
Цаашид эрүүл мэндийн салбар яах вэ, эрүүл мэндийн салбарын нийт зарцуулалтын үр ашиггүй байдалд анализ хийгээд үзтэл 700 орчим тэрбум төгрөг зөвхөн эмийн хэрэглээнд зарцуулагдаж байна. Мөн 300 тэрбум орчим төгрөгийг оношлуурт зарцуулж байна. Нийт зардлын 50% нь энэ 2 төрлийн үйлчилгээ рүү явж байна. Эдгээр нь Засгийн газрын оролцоотой худалдан авалт болж байгаа юм.
Эмнэл зүйн удирдамж, стандартуудыг хангаж байна уу гээд үзтэл 700 орчим эм ханган нийлүүлэгчдээс 130 орчим нь л шаардлага хангаж байна. Бид чанарын шаардлага, стандарт гэдэг зүйл дээрээ анхаарал хандуулж, сайжруулж чадахгүй байна.
Эрүүл мэндийн салбар бүхэлдээ чанарын стандарт руугаа мониторинг хийж чадахгүй байна. Эрүүл мэндийн яам нь зохицуулагч байх ёстой атал бүгд нэг халаасанд орчихсон, нэг нэгнээсээ хараатаар үйл ажиллагаа явуулж байна. Бие даасан байдлыг нь хангахгүй байгаа улмаас чанар, стандартын асуудал өнөөг хүртэл сайжрах боломжгүйд хүрлээ. Улсын болон хувийн эмнэлгүүд нь маш эмх замбараагүй байдалтай байна. Яг манай хууль, журмууд дээр авцалдаж өгөхгүй байна.
Мониторинг хийх дата баазаа сайжруулах, мэдээллүүд нь ил тод болсноор яг хэрэгцээтэй зүйлд санхүүжилт нь зарцуулагдах болно. Манай дээр бол шаардлагагүй хэвтэлт маш өндөр түвшинд байна. Мэдээллийн дата тогтолцоогоо эмх замбараатай болгохгүй бол бид хуучин түвшиндээ байсаар байх эрсдэл өндөр байна. Өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний тоо 25%-иар өссөн байна. Эмийн үнийн өсөлт маш өндөр байна. Эмч нарынхаа цалин урамшууллыг нэмэхгүйгээр өөр зүйлүүдэд зарцуулж байна. Хаана ч очсон эрт илрүүлгийн оношилгоонд орох боломжтой байх шаардлага нэн тэргүүнд үүслээ.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр: Эрүүл мэнд, боловсрол гэсэн хоёр суурь салбар маань гээгдээд байна. Хүний хөгжил ярихаасаа өмнө бид эхлээд суурь реформын шинжтэй бүтцүүдээ хийх шаардлагатай. Хүүхэд залуучуудын эрүүл мэнд, боловсролтой эмч, багш нар гэдэг тухайн нийгмийн хөгжлийн суурь бүрэлдэхүүн болдог.
Тийм ч учраас эмч, багш нар асар өндөр ажлын хариуцлагыг үүрч явдаг. Мөн түүнчлэн боловсрол, эрүүл мэндийн тогтолцооны өөрчлөлт нь бусад салбарыг бодоход үр дүн нь маш удаан байдаг учир тухайн салбарт ажиллаж буй мэргэжилтэн, ажилчдыг тогтвортой бодлогоор дэмжин ажиллах шаардлагатай.
Эрүүл мэнд, боловсролын салбарын реформын дараа нийгмийн хамгааллын салбарыг шинэчлэх шаардлагатай байна.
Ардчилсан намын дэд дарга Ц.Жадамбаа Бид энд ярилцаж байгаа зүйлсээ цаас руу өөрөөр хэлбэл шууд мөрийн хөтөлбөр боловсруулахад санал оруулна. Тиймээс тохирсон бодлогын асуудлуудыг тусгаж, оновчтой саналуудыг бидэнд тавиасай гэж хүсэж байна. Эрүүл мэндийн салбарт үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх, нэн тэргүүнд юу шаардлагатайг бид бүхэн бодлогын түвшинд, мэргэжлийн экспертүүдийн хүрээнд хэлэлцэх нь цаг үеийн хувьд асар өндөр ач холбогдолтой байна.
Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр: Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарын бодлого цаасан дээр явж ирлээ. Гэвч бодит байдал дээр бодлого жинхэнэ утгаараа алга. Бид хүний нөөцийн бодлого дээр арай өөр байдлаар ажиллах ёстой. Эмнэлгийн тогтолцооноос эмчийн тогтолцоо руу шилжих бодит шаардлага бий. Өөрөөр хэлбэл эмч нараа бодитой чадавхжуулах хөрөнгө оруулалтуудыг хийх хэрэгтэй байна.