Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Монгол орон даяар өрнөж байгаа “
#Бүтэн_Ардчилал” мөрийн хөтөлбөрт бүх гишүүдээс санал авах хэлэлцүүлэг, зудын гамшигт нэрвэгдсэн иргэддээ туслахаар санаачлан хэрэгжүүлж буй “Амь нэгтэй Монголчууд” аяны талаар УИХ-ын гишүүн
Цэвэгдоржийн Туваанаар ахлуулсан баг, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж нар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж: Энэ өвөл Монгол Улсад сүүлийн 60 жилд байгаагүй цас, зудын гамшиг тохиолоо. Монгол Улсын нийт нутгийн 80 орчим хувь зудад нэрвэгдлээ. Ардчилсан намаас зудын хүндрэл үүссэн сумдад тусламж үзүүлэх, малчдадаа өвс, тэжээл, цасанд хаагдсан зам гаргах, эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхээр Амь_нэгтэй_Монголчууд аяныг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээр ахлуулсан баг бүрэлдэхүүн ажиллаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Бүтэн Ардчилал бүх гишүүдээс санал авах мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг төвийн бүсэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлгээр Ардчилсан нам 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө гишүүдийнхээ санал, санаачилгыг тусгахаар ажиллаж байна.
Монгол Улсын хэмжээнд 20 аймгийн 220 гаруй сум зудтай, өвөлжилтийн байдал хүндрэлтэй жил боллоо. Онцгойлон 60 гаруй сумд төмөр буюу маш хүнд зудын байдалтай байна. Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдаар ажиллаж малчдадаа тусламж үзүүллээ.
Монгол Улсын Засгийн газар гамшгийн нөхцөл байдал үүссэнийг зарлаж Ардчилсан намын зүгээс малчдадаа тусламж үзүүлэх “Амь нэгтэй Монголчууд” аяныг санаачлан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн зүгээс УИХ-д тодорхой шаардлагуудыг хүргүүллээ. Тухайлбал, малаа алдсан, орлогын эх үүсвэргүй болсон малчдынхаа зээлийг тэглэх, малын хөлийн татварыг тодорхой хугацаагаар хойшлуулах зэрэг асуудлыг санал оруулаад байна.
Түүнчлэн орлогоосоо салсан малчид Улаанбаатар хот руу нүүдэллэх төлөвтэй байна. Тиймээс бид нэн тэргүүнд малаа алдсан малчдыг малжуулах шаардлага тулгарч байна. Яаралтай улсын төсвийн тодотголыг хийж малжуулах асуудлыг хэлэлцэх нь цаг үеийн хувьд өндөр ач холбогдолтой юм.
Дахин хэлэхэд монголын уламжлалт мал аж ахуйд маш том гамшиг тохиосон. Тиймд аж ахуй нэгжүүдээ малчдадаа туслахыг уриалж байна. Энэ бол ердийн өвөл, ердийн зуд биш. Дэлхийд бид ондооших ганц л зүйл бий. Энэ нь нүүдлийн мал аж ахуй болдог. Нүүдлийн мал аж ахуйгаасаа бэлтгэсэн махаа идээд сурчихсан, түүгээрээ орлогоо залгуулдаг иргэд, малчдаа өнөөдөр монголын төр засаг бодолцох хэрэгтэй.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн орон тооны бус зөвлөх Д.Үүрийнтуяа: Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт санал авах ажлаар төвийн бүсэд ажиллаа. Аймгуудад тулгамдаж байгаа эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудлуудыг судалж цаашид юу хийх ёстой талаар хэлэлцлээ. Бид хүнийхээ асуудлыг нэн тэргүүнд ярих ёстой. Малчдынхаа эрүүл мэнд, хүнсний хангамж, эм тариа дөхүүлэх гээд тал бүрийн туслалцааны хэрэгцээ, шаардлага үүсэж байна. Монгол хүнийхээ эрүүл мэнд, боловсрол, эд баялагтай байх гэдэг дээр анхаарч хүн рүүгээ чиглэсэн бодлогуудыг хийх болно.
УИХ дахь Ардчилсан намын орон тооны бус зөвлөх Д.Доржпүрэв: Даатгалын сангуудаар бүрдсэн эх үүсвэрийг ашиглан малчдын зээлийг тэглэх боломж бий. Даатгалын системээр дамжуулан эд хөрөнгөдөө эрсдэл үүсгэхгүй байх нэгдсэн бодлогоор хангах хэрэгтэй.