© Ардчилсан нам. 2011-2024
2024/03/20 /

"Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо"-ноос Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал хүргүүллээ


"Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо"-ноос Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал хүргүүллээ
 
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ардчилсан намын Стратеги, бодлого, сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэн, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Ж.Энхбат нар оролцож монголын нийгэм, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудаар нээлттэй санал солилцлоо.
 
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос засаглалыг сайжруулах, эдийн засгийн хүртээмжийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цалин орлогын хэмжээг нэмэгдүүлэх, ажилчдын хөдөлмөрлөх эрхийг хангах, нийгмийн хамгааллыг сайжруулах, баялгийн тэгш хуваарилалтыг бий болгох гэсэн үндсэн 7 чиглэлд 41 зүйл заалт бүхий саналыг Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулахаар Ардчилсан намын удирдлагуудад хүлээлгэн өглөө.
 
Тус холбооны зүгээс дараах саналуудыг тусгаж байна;
 
1. Төрийн албаны тогтвортой байдлыг хангах, сонгуулийн үр дүнгээр засгийн эрх авсан тохиолдолд улс төрийн албан хаагчдаас бусад төрийн алба хаагчдыг халж, солихыг хориглох, төрийн алба нь иргэдэд хүнд сурталгүй, ил тод хүртээмжтэй байлгах бодлого баримтлан ажиллах,
2. Далд эдийн засгийг ил болгох, татварын үр ашигтай бодлого боловсруулж, татварын зувчуулалыг арилгах, олон нийтийн оролцоо, хяналтыг ханган шилэн, ил тод ажиллагааг бий болгох,
3. Эдийн засгийн бодлоготой уялдуулан үйлдвэржилтийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, тогтвортой ажлын байрыг хөрөнгө оруулалтаар дэмжих бодлого явуулж, ажилгүйдлийн түвшнийг 5-аас доошгүй хувиас хэтрүүлэхгүй байх гэх мэтчилэн нийгэм, эдийн засгийн олон талт асуудлуудыг тусгаж, монгол хүний ажиллаж, хөдөлмөрлөх эрхийг хангахад ямар бодлогууд дутагдалтай байгаа, цаашид хэрхэн бодлогоор дэмжин ажиллах талаар танилцууллаа.
 
Ардчилсан намын удирдлагуудын зүгээс Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны эрх ашгийг тууштай хамгаалах, ирүүлж буй саналуудыг мөрийн хөтөлбөртөө тусгахаа илэрхийллээ.
Ардчилсан нам 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн байгууллага, холбоод, салбар, салбарын экспертүүдийн бодлогын шийдэл, саналуудыг тусгахаар ажиллаж байна.