© Ардчилсан нам. 2011-2024

Ардчилсан нам Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран ажиллана


Ардчилсан нам, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран ажиллана

Ардчилсан нам, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны төлөөллүүд гарын үсэг зурав. Мөн уг үйл ажиллагаанд Ардчилсан намын Бизнес хөгжил, технологи, инновац хариуцсан Нарийн бичгийн дарга Н.Гансүх, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын даргын зөвлөх, Үндэсний бодлогын хорооны гишүүн Ж.Баясгалан, Үндэсний бодлогын хорооны гишүүн О.Чулуунбилэг, Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Цолмонбаяр нар оролцов.  

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох “Бүтэн Монгол, Бүрэн Ардчилал” 9+90+900 - Эрчимт хөгжлийн төлөвлөгөө мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа салбарын судлаачид, төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цөөнхийн бүлэг зэрэг олон мэргэжлийн холбооны саналыг хүлээн авч, тусгасан юм.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр “Өнөөдөр Монгол Улсад тусгай хэрэгцээт хүн болж төрснөөрөө нийгмийн үйлчилгээний наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй, цаг үргэлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөж байна. Ардчилсан намаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, дээдлэх чиглэлээр үргэлж хамтран ажилласаар ирсэн. Цаашид ч гэсэн эргэх холбоотой байж, эдгээр иргэдийнхээ өмнө тулгарч байгаа асуудлууд, хангагдаж чадахгүй байгаа эрхийн төлөө нэгдэх болно” гэсэн юм. Мөн тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны хууль ёсны эрх ашгаа хамгаалах үүднээс дэвшүүлсэн санал, бодлого, зорилтыг үргэлж дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв.  

Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны төлөөллүүд “Өнөөдөр манай улсад 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд эрхээ эдэлж чадахгүй, нийгмээс үргэлжид тусгаарлагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд энгийн хүнтэй адил хэмжээнд нийгмийн харилцаанд оролцож, тэгш боломж олгохыг л хүсэж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шинэ түвшинд харж шийдэх цаг нь болсон. Хууль, эрх зүйн хувьд ч өөрчлөлт шинэчлэлт шаардлагатай байна. Харин Ардчилсан нам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр санал санаачилга гаргаж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлмээр байна” гэв.

Ийнхүү Ардчилсан нам, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран тэдний эрх ашгийг хамгаалах, бусдын адил тэгш боломжоор хангагдах эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтэн хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

#Ардчилсан_нам

#Алдагдсан_8_жилийн_алдааг_засна