
Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчилсэн Ардчилсан намын Үндсэн дүрэм болон хөтөлбөрийн төслийг хэлэлцэх үндэсний хэмжээний нээлттэй хэлэлцүүлэг Монгол орон даяар өнөөдөр (2025.05.19) албан ёсоор эхэллээ. Энэхүү хэлэлцүүлгээр намын нийт гишүүд, дэмжигчид, иргэдийн санал бодлыг тусгаж, намын үзэл баримтлал, зорилго, бодлогын шинэчлэлийг хамтдаа тодорхойлно гэдгээрээ онцлог юм.
Олон ястны өлгий Ховд аймгаас эхэлсэн баруун бүсийн хэлэлцүүлгийг нээж, Ховд аймгийн Ардчилсан намын дарга, Аймгийн Засаг дарга М.Амарсанаа “Өнгөрсөн 2023-2024 он Ардчилсан намын хувьд өндөр амжилт бүтээлийн жил байлаа. УИХ, орон нутгийн гэсэн улс төрийн хоёр сонгуульд Ховд аймгийн Ардчилсан нам ялалт байгуулсан. Монгол Улсын Улс төрийн намын тухай хуулийн дагуу ажлын хэсгүүд гарч, анхан болон дунд шатны нийт гишүүдийнхээ саналыг авах “Эв нэгдлээс институт” рүү шилжих хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт аймгийн сумдаас тус бүр 10, нийт 300 орчим гишүүн оролцож байна. Намын хөтөлбөр болон Үндсэн дүрмийн талаарх гишүүдийн саналыг чөлөөтэй, нээлттэй, хайрцгаар авч байна. Ардчилсан намын дүрэмд хамгийн сүүлд 2022 оны долдугаар сарын 24-ний өдөр өөрчлөлт орсон байдаг. Тиймээс намын бодлого, үйл ажиллагааны талаар өөрсдийнхөө санаа бодлыг чөлөөтэй илэрхийлэх юм хэмээгээд Ардчилсан нам институт болох цаг болсон. Энэ хүрээнд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал тэрүүтэй АН-ын ХЭГ-аас нэлээд ажлууд хийж байна” гэв.
Ховд аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Отгонтулгын хэлснээр, өнөөдрийн хэлэлцүүлгийн арга хэмжээнд Ховд аймгийн 16 сум, аймгийн төвийн 12 багийн нийт 200 гаруй гишүүн оролцож байгаа аж. Тэрбээр хэлэхдээ “Энэхүү хэлэлцүүлгийн үеэр намын гишүүд маань анхан болон дунд шатныхан, намтай холбоотой асуудлууд, намын дүрэм дээр зайлшгүй өөрчлөлт хийх олон асуудлыг хэлэлцсэн чухал ач холбогдолтой хэлэлцүүлэг болж байна” гэв.
Харин Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга З.Эрхбаяр “Өнгөрсөн 2023 оноос ардчиллын өлгий Ховд нутагт ардчиллын цэнхэр туг хамгийн өндөрт мандсан. Монгол орны өнцөг булан бүрд ялалт байгуулсан ийм сайхан амжилттай жилүүд байлаа. Ардчилсан намын тэргүүн зэрэгт байдаг, гол хүч болсон та бүхний хичээл зүтгэлээр амжилт олж, бид ялалт байгуулсныг хэлэхийг хүсэж байна.
Ардчилсан нам хөтөлбөрөө илүү боловсронгуй болгож, дотоод ардчиллаа илүү бэхжүүлж, намынхаа үзэл санааг сайжруулах хэрэгцээ шаардлагууд байна.
Монгол орон хэдийгээр ардчилсан улс гэж нэрлэгдэж байгаа боловч ардчиллыг гажуудуулж буй зүйлс байна. Тиймээс Ардчилсан намд алдаа оноогоо засаад, энэ бүхэнд манлайлал үзүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага бий.
Урд нь хэлэлцүүлгүүд бодитой, амьд болдог байсан. Үндсэн язгуур эрх ашиг дээрээ нэгдэж, олонх нь асуудлаа шийдэж чаддаг инситутын сонгодог жишээ байх ёстой. Олон алдаа завхрал байна. Түүнийг бид халуун тогтоон дотроо засаж залруулж, ирээдүйн хөгжлийн төлөө үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүйтэй” гэж онцолсон юм.
Үүний дараа Ардчилсан намын Сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга Ч.Жавхлантөгс үг хэллээ. Тэрбээр “Эрхэм хүндэт Ховд нутгийн ардчиллыг түгээн дэлгэрүүлэгч намын эрхэм гишүүд ээ, Ардчилсан намын дарга Лувсаннямаагийн Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Наянтайн Ганибал, ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэгч эрх чөлөөт иргэдийн төлөөллийн хувиар та бүхэнд энэ сайхан өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Ховд бол Монголын олон ястны эв нэгдэл, соёлын баялаг, эх оронч сэтгэлгээний бэлгэдэл болсон нутаг. Ардчиллын түүхэнд ч энэ нутгийн иргэдийн үүрэг, оролцоог үнэлж баршгүй билээ.
Ардчилсан нам өнөөдөр шинэчлэлийнхээ дараагийн шатанд орж, эв нэгдлийг эрхэмлэж, цаашид институт болон төлөвшиж, илүү тунгалаг, илүү хариуцлагатай, иргэд төвтэй бодлогоор урагшилж байна.
Нэн чухал зүйл нь бид энэ уулзалтын хүрээнд Ардчилсан намын шинэчилсэн дүрмийн төслийн талаар та бүхнээс санал авах зорилготой ирсэн. Ардчиллыг гүнзгийрүүлэх, иргэдийн оролцоог хангахын тулд та бүхний санал, дуу хоолой юу юунаас илүү чухал. Ардчилсан намын шинэчлэл бол зөвхөн дотоод бүтцийн өөрчлөлт бус, харин Монголын улс төрийн соёлыг шинэ шатанд гаргах том зорилго юм” хэмээн хэлээд, Ардчилсан намын хөтөлбөрийн талаар танилцуулав.
Ардчилсан намын Үндсэн дүрмийн төслийн талаар Ардчилсан намын Ажлын хэсгийн гишүүн, хуульч Ж.Гантуяа танилцуулсаны дараа “Эв нэгдлээс институт” хэлэлцүүлэгт оролцсон Ардчилсан намын гишүүд санал, сэтгэгдлээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснээр хэлэлцүүлэг өндөрлөлөө.